Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 23, 24-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 09:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21 км зам туулан 10:05 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 16:01 цагт очиж 2 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 17:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багт 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг  09.19-ний өдрийн 22:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.7 км зам туулан 22:54 цагт очиж 36 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багт иргэн О-гийн эзэмшлийн “Киа оптима” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.19-ний өдрийн 23:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 23:23 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн “Бүгийн хэв” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ тус багийн харьяат малчин М /18 настай, эрэгтэй/ 09.18-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ морьтой гарч явсан бөгөөд мөн өдрийн 18:00 цагт морь нь гэрийнхээ гадаа ирсэн тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн морьтой 13 иргэн, нийт 22 хүн, 1 автомашин, 13 морьтой мөн өдрийн 13:25 цагаас эхлэн тус багийн “Харзын гатлага” гэдэг газраас “Улаан хотгор” гэдэг газар хүртэл 20 км тойрогт  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон бөгөөд иргэн М 09.20-ны өдрийн 01:00 цагт өөрөө гэртээ ирсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top