Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Өдөртөө 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 1-нд Алтайн уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Эхэн бригад” гэдэг  газар  /аймгийн төвөөс баруун урд  зүгт 162 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ иргэн Н-ийн малын хашаа, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 07:58 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 08:38 цагт очиж, малын хашаа, бууц шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгоны нэгдүгээр гудамжинд иргэн Э-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:49 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгод хэсгийн 19 дүгээр гудамжинд иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулж 15:46 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Худаг хэсгийн 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 15:38 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 29.5 км замыг туулан 16:06 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Ахмадын суурин” хэсгийн 01 тоот /Багануур дүүргийн төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ иргэн Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 19:28 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага-Нарангийн 25 дугаар гудамжинд иргэн О-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн 08.27-ны 21:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 21:46 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Хатавч” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км/ иргэн Т-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 08.28-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 08.28-ны өдрийн 01:15 цагт ангийн байрлалаас хөдөлсөн. 

3.Тэсэрч дэлбэрэх материалын осол:

Тэсэлгээний хэрэгслийн осол: Дундговь аймгийн Өлзийт сумын хууль бусаар ашигт малтмал /алт/ олборлож байсан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат иргэн У /30 настай, эрэгтэй/ 2019.08.26-ны өдрийн 18:00 цагийн орчимд 39 метр гүн цооногт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл байршуулахаар ажиллаж байхдаа осолдож нас барсан тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн Эрэн хайх, аврах бүлгийн 7 алба хаагч, 1 автомашинтай 08.26-ны өдрийн 21:10 цагт явж 180 км зам туулан 08.27-ны өдрийн 02:10 цагт очиж, 06:30 цагт аврах ажиллагааг эхлүүлж 04 цаг 30 минут ажиллаж шороонд дарагдсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top