Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, УБЦТС ТӨХК-ний Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга нар болон бусад холбогдох албаны мэргэжилтэн албан хаагчид оролцлоо.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангуулж байгаа талаарх нөхцөл байдалтай Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танилцаж гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Тэрээр үер усны гамшгийн үеэр шуурхай албаныхан хүн хүч тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллах, байгууллага бүр үер усны үед ажиллах төлөвлөгөөний тодотгол хийх, авто замын доогуур байгаа инженерийн шугам сүлжээний цэвэрлэгээ, нэвтрэх чадварт байнга хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.

Хуралдаанаар үер усны гамшгийн үед нийтийн эзэмшлийн зам талбай дээр их хэмжээний ус тогтох, замын хөдөлгөөнд саад учруулах, нүхэн жорлонд ус орж хальсан тохиолдолд хөрсний ариутгалыг хийх, үерийн аюултай бүсэд буусан айл өрхүүдэд сэрэмжлүүлэх хүргүүлэх, үерийн далан сувагт үзлэг шалгалтыг зохион байгуулахаар хэлэлцэж дээрх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.