Аврах зам, гарц хаасан, галын утаа мэдрэгч дохиоллын систем суурилуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна

-3-810x500-6rlla0e3yl78ias40j9781gq2a96voy5g7bw1olj1hc-1.jpg
Ц. Ариунзаяа

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Онцгой байдлын Ерөнхий газраас/ОБЕГ/ боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт хяналт, шалгалтыг наймдугаар сарын 26-аас эхлэн хийж байна. Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамрагдаж байгаа юм. Бид Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 148 дугаар цэцэрлэг болон 62 дугаар сургууль дээр очиж, гамшгийн үеийн бэлэн байдал, норм, стандарт, баримт бичгийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, сурвалжилга бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт улсын 50, хувийн 53 цэцэрлэг, Ерөнхий боловсролын улсын 30, хувийн таван сургууль, дээд боловсролын дөрөв, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн нэг сургууль тус тус байдаг.

Бидний очсон эхний боловсролын байгууллага бол тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлах улсын 148 дүгээр цэцэрлэг. Анх 150 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдсан тус цэцэрлэгт 350 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа аж.

Шалгалтын багийнхан очиход цэцэрлэгийн засварын ажил ид өрнөж байлаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын төсвийн хөрөнгөөр сантехникийн засварын ажлыг наймдугаар сарын 15-аас эхэлжээ. Есдүгээр сарын 5-н гэхэд засвар дуусч, хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа албан ёсоор 9-нд эхлэх гэнэ.

-Боловсролын байгууллагад тавигдах гамшгийн үеийн бэлэн байдлын шаардлага юу байдаг вэ?
-Аюулын гарцын тэмдэг, тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахаар байрлуулсан, шөнийн цагаар гэрэлтэж харагддаг, аврах зам, гарц нээлттэй байх, утаа мэдрэгч дохиолол суурилуулах, 25 м.кв дотор нэг гал унтраагч байрлуулах, цахилгааны шийд дээр хүчдэл гэсэн тэмдэглэгээ байх, дотор талд нь схем зураг танилцуулга наасан байх зэрэг наад захын шаардлагууд тавигддаг.
-Гарч буй нийтлэг зөрчлүүд юу байна вэ?
-Шалгалтын явцад гарч буй нийтлэг зөрчлүүд гэвэл, аврах зам, гарц хаасан, нүүн шилжүүлэх тэмдэг, тэмдэглэгээ стандартын дагуу байрлуулаагүй, түүнчлэн хуучны барилгуудын хувьд галын утаа мэдрэгч дохиоллын систем суурилуулаагүй, галын дотор усны усан хангамж шаардлага хангахгүй, төлөвлөгөөт үйлчилгээ хийгдээгүй зэрэг юм.
Харин томоохон зөрчил гэвэл цэцэрлэгүүд гэхэд аврах гарц дээр аваарын гэрэлтүүлэг байхгүй, таглаад хаачихсан, гадна шат хуучирч муудсан, төмөр нь салж унасан, аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.
Мөн хуучны барилгуудыг засварлаж байх явцад гарцын чиглэлд онгойх ёстой хаалгануудыг буруу тийш нь харуулсан зэрэг стандарт норм зөрчигдсөн байна.
-Өмнө жилүүдэд хяналт, шалгалт хийж байсан уу, илэрсэн зөрчлүүдэд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Монгол Улсын шадар сайд болон Онцгой байдлын Ерөнхий газрын даргын удирдамжийн дагуу бид жил бүр хяналт, шалгалт хийдэг. Бүх сургууль, цэцэрлэгүүдээр шалгалт хийхэд сарын хугацаа хүрдэггүй. Гэхдээ 70-80 хувийг нь хамруулахыг зорьдог. Өнгөрсөн жил явсан байгууллагуудаар энэ жил гүйцэтгэлийн шалгалтууд давхар хийгдээд явна.
Зөрчил арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгагдсаны дагуу албан тушаалтны өгсөн шаардлага биелүүлээгүй гэдэг үндэслэлээр аж ахуй нэгж доод тал нь нэг сая төгрөг, иргэн бол 100 мянгаас дээш төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг.
Гамшгаас урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн дагуу төрөөс боловсролын байгууллагад урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд жилийн төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт суулгаж өгөх ёстой байдаг. Гэвч уг санхүүжилт сургууль, цэцэрлэгийн төсөвт орж ирдэггүй байна. Энэ талаар 148 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнхтуяа ярихдаа: “Анги бүрт гал унтраах хэрэгсэл байрлуулахаас эхлээд төсөв, мөнгө их шаарддаг. Хэрэв жилийн төсөвт гамшгаас урьдчилан сэргийлэх санхүүжилтийг суулгаж өгдөг бол бид цаашдаа хийх ажлуудаа улам сайжруулах боломжтой. Гэвч энэ хэрэгждэггүй учраас бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, шаардлагатай тохиолдолд эцэг эхчүүдээс тусламж, дэмжлэг авдаг” гэсэн юм.
Бидний дараагийн очсон боловсролын байгууллага бол Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль. Энэ бол нийслэлийн хамгийн ачаалал ихтэй сургуулийн нэг.
Анх 1000 хүүхэд сургах хүчин чадалтайгаар 1975 онд байгуулагджээ. Одоо тус сургуульд таван хорооны нийт 4500 хүүхэд суралцаж байна. Хичээлийн хоёр байртай боловч өнгөрсөн хичээлийн жил 21 бүлэг гурван ээлжээр хичээллэж байжээ.
Энэ жил 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ сургууль баригдаж байгаа учир 1000 хүүхэд тийш нь шилжүүлж байгаа аж. Тиймээс одоо 10 бүлгийн 3500 хүүхэд гурван ээлжээр хичээллэхээр байгаа. Гэхдээ Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын гурван ээлжээр хичээллэхгүй байх арга хэмжээний хүрээнд Чингис СООСЭ Олон улсын сургууль дээр таван анги түрээсэлж буй. Ингэснээр хоёр ээлжээр хичээллэх боломж бий гэж тэд үзэж байгаа аж. Энэ талаар тус сургуулийн захирал Ш.Сарантуяа ярихдаа: “Сүүлийн үед 21 дүгээр хороололд байшин барилга ихээр нэмэгдэж, энэ хэрээр шилжилт хөдөлгөөн их болж, харьяаллын дагуу суралцах хүүхдийн тоо нэмэгдэж  байгаа юм байна. Тиймээс 62 дугаар сургууль хичээлийн гуравдугаар байр барьж байгаа юм байна. Уг байр ашиглалтад орсны дараа л гурван ээлжээс гарч хоёр ээлжид шилжих боломжтой” гэв.
62 дугаар сургууль дээр Өсвөрийн аврагч клуб ажилладаг төдийгүй гамшгийн үед цугларах аюулгүйн талбайн цэг болдог. Тиймээс өнгөрсөн хавар гамшгаас урьдчилан сэргийлэх нэлээд олон ажил хийжээ. Тухайлбал, хуучны барилга учраас галын хор, гарц гармын тэмдэглэгээнүүд , дотуур усан хангамж байршуулах, шатдаггүй бүтээлэг бэлэн байлгах, гадна өнгөлгөөг галд тэсвэртэй эсэхийг ОБЕГ-т шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулах, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг хийсэн байна.
Тус сургуульд хийсэн шалгалтын явцыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч Ч.Артаг танилцуулахдаа: “Ер нь бусад сургуультай харьцуулахад гамшгийн бэлэн байдал боломжийн хэмжээнд хангаад явж байна гэж дүгнэж байна.
Цаашид гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг яаралтай батлуулах, аврах гарцын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу нэмж байрлуулах, утаа мэдрэгч дохиоллын системийг анги бүрт суурилуулах зэрэг асуудал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сонгинохайрхан дүүргийн ОБХ-ийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Алтантуяа ярихдаа: “Өнгөрсөн жил 62 дугаар сургууль дээр ирэхэд гамшгийн үеийн бэлэн байдал сайнгүй байсан. Энэ жил ирээд гүйцэтгэл шалгахад багагүй ажил хийсэн байна. Одоо дотуур усаа шугамтайгаа холбох том ажил үлджээ. Ер нь хяналт шалгалт хийгээд явж байхад улсын сургууль, цэцэрлэгүүд гамшгийн үеийн бэлэн байдлыг боломжоороо хангасан харагдаж байна. Гэхдээ засвартай барилга, байгууламжууд мэдээж зөрчил, дутагдал ихтэй байна. Бид зөрчил арилгах анхааруулга, үүрэг даалгавар өгөөд явж байна.
Ялангуяа хувийн сургууль, цэцэрлэг, Их дээд сургуулиудын хувьд зөрчил, дутагдал их байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах наад захын стандарт, шаардлагыг биелүүлээгүй байлаа. Шаардлага тавихаар урдаас төсөв байхгүй гэсэн тайлбар тавьж байна” гэсэн юм.
1990 оноос өмнө баригдсан барилгууд ихэнх нь гамшгийн үеийн бэлэн байдал хангаагүй байдаг байна. Тиймээс зарим сургууль, цэцэрлэг нөөц, боломжоороо тусгайлан бэлэн байдлын нэмэлт байгууламж хийдэг байна. Ингэхдээ хууль дүрмэнд заасан стандарт шаардлагыг хангасан байх ёстойг сануулж байгаа юм.
Харин шинээр барилга барихдаа тухайн компани зураг төслөө гаргасны дараа ОБЕГ-т хянуулдаг байна. Энэ дагуу уг барилга гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд зохион байгуулах, норм норматив, стандарт шаардлагыг хэр хангасныг ОБЕГ хянаж үзээд Мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлдэг аж. Нийслэлийн хэмжээнд 1-5 давхар барилга баригдахад Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагч зураг дээр хяналт тавьдаг бол таваас дээш барилгыг Онцгой байдлын Ерөнхий газар шалгадаг байна.
Ийнхүү хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа ОБЕГ-ын хяналт, шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд гамшгийн бэлэн байдлыг шалгах дөрвөн ажлын хэсэг ажиллаж байна. Хяналт, шалгалтын явцад багагүй зөрчил дутагдлууд илэрч байгаа ч жил ирэх тусам сайжирч байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм. Цаашид хувийн болон засвартай улсын сургууль, цэцэрлэгүүд гамшгийн үеийн бэлэн байдлаа илүү сайжруулж ажиллах биз ээ.
Эх сурвалж: news.mn
scroll to top